Гадныхан юу сонсч чадсан бэ?
Өнөөдөр 8 цаг 13 минут
Оюутолгойн орлого ард түмэнд хэр зэрэг хүртэх вэ?, Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого боловсруулах уу?, Шинэчлэлийн Засгийн газар юугаараа давуу ажиллаж байна?, Зарим нэг хуулийг шинэчлэх ажил хэр зэрэг явж байна?... Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын өмнө тулгарч байгаа олон асуудлын өчүүхэн хэсэг нь эдгээр асуултууд. Гэхдээ үүнд нэг онцлог бий. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадныхан үүнийг асуусан. Чухамдаа ямар нэгэн тодорхой хариултыг ерөнхий сайдаас сонсч, төөрөлдсөн бодлоо өөрчлөх хүсэл гадныханд байсан. Асуултдаа хариулт авч чадсан эсэх нь эргэлзээтэй...Хөрөнгө оруулагчид цаашаа
Гадныхан уул уурхай, ашигт малтмалтай хуулиуд хөрөнгө оруулагчдыг цааш нь түлхэх, хөрөнгө оруулалтыг зогсоох сөрөг үр дагавартай гэж үздэг. Гаднынхны үзэж байгаагаар хөрөнгө оруулагчдыг эхлээд хуулийн уян хатан байдлаар татна гэдгийг сануулдаг билээ. Тэд энэ удаад хуулиа хэр зэрэг шинэчилж байгааг сонирхсон.
Засгийн газар яг одоогоор "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай" хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тус хуулийн 4.7 заалтыг өөрчилж байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид зөвхөн гадаадын, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагч 49-өөс илүү хувь эзэмших тохиолдолд УИХ шийдвэрлэхээр, гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээг заахгүй байхаар тусгажээ. Мөн Засгийн газрын өмнө хуулиас гадна тогтворгүй шийдвэрүүд гадны хөрөнгө оруулагчдыг цааш нь түлхэх нэг хүчин зүйл болдгыг нуудаггүй. Энэ удаад Ерөнхий сайдаас үүнийг асуусан. Засгийн газрын чиг баримтлал, хувь хүний үзэл баримтлал эсэх нь тодорхойгүй нэг хариултыг Ерөнхий сайд хэлсэн нь "Шийдвэрийг тогтвортой байлгах нь зүйтэй" гэсэн хариулт. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч болон хууль зүйн хүрээнд гарах ямарваа нэгэн шийдвэрүүд тогтвортой байж болно гэдгийг ойлгож болох талтай. Үүнтэй холбогдуулан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа аж.
Чингис бонд > Монгол брэнд
Гадныхан ч биш, дотны ард иргэдэд энэ асуулт маш том асуулт. Гадаадынхан чухам юунд зарцуулж ашиг нь хэр зэрэг байх вэ гэдгийг сонирхож энэ асуултыг тавьсан нь лавтай. Хариулт нь тун энгийн. Энэ том мөнгөөр бид бүтээн байгуулалтын ажил хийнэ. Эхнийх нь "Гудамж" төсөл. Сүржин нэртэй бондоор хийх ажил нь ердөө л энэ. Дотоодын хөрөнгө оруулалтаар хийж болохуйц энэ ажлыг Чингис бондоор хийнэ. Дараагийнх нь хатуу хучилттай зам. Зургаан аймгийн төвийг холбосон хатуу хучилттай замыг үүгээр барих аж. Чингисээр хийх дараагийн ажил нь "Шинэ төмөр зам" төсөл. Урьд дурдсан хоёр ажлаас арай дөмөгхөн нь энэ. Дараагийнх нь тавдугаар цахилгаан станцыг барих төсөл. Угтаа Чингис бондын сүүлийн зорилго нь аж ахуйн шинжтэй л зүйл байж.
Үнэт цаас гаргахын тулд таван орны хөрөнгө оруулагчидтай зөвшилцөн байж 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4,1 хувь, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, жилийн хүү нь 5,1 хувь байхаар тооцож гаргасан байдаг. 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгах бол 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд төлж дуусгахаар тусгачихсан байгаа.
Хоёр долоо хоногийн өмнө бид "Монгол Бренд"-ийн тухайн сүр дуулайнтайхан шиг ярьсан мөртөө үүний үнэр нь ч "Чингис бонд"-д тусгагдсангүй. Уг нь Монгол бренд нь бондын зээлсэн мөнгөнөөс илүү гарсан ашиг гаргах байсныг бид мартах учиргүй. Гадныхан монгол брендийг сонирхож, энэ удаад Ерөнхий сайдаас асуусан. Гэхдээ тоймтой хариу гарсангүй. Чингис бондоор хийх томоохон дөрвөн ажлын алинд нь ч Монгол бренд тусгагдаагүй. Харин илүү гарсан хэдэн төгрөгөөр Монгол брендийг дэмжих аж. Монгол бренд гэдгийг чухам юу гэж ойлгож байгааг харах гээд оролдъё. Засгийн газрын хувьд ноос ноолуур, хөдөө аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, аялал жуулчлал аж. Тиймээс нь илүү гарсан хэдхэн төгрөгийг эдгээр салбар руу цацах төлөв ажиглагдаж байна. Брендийг төр бий болгоно гэж байхгүй учир чухал хөшүүрэг болж хувь нэмэр оруулдаг бичигдээгүй хуультай. Манай нөхцөлд бол чухам юу нь хамгийн түрүүнд бренд болж чадах вэ гэдгийг олж харсангүй.
АНУ-д Монгол ноолуурыг дунд орлоготой хүмүүст зарж, борлуулж, Монголын хувцас гэсэн тодотголыг зүүгээд явж байгаа. УИХ-ын даргын АНУ-д хийсэн айлчлалын үеэр ч энэ хүмүүсийн төлөөлөл уулзсан гэдгийг мартах учиргүй.
Ашигт малтмалын ашиг хэрхэх вэ...
Гадныхан ч үүнийг сонирхож байна. Угтаа Монгол хүн бүрийн толгойд энэ асуулт л эргэлддэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ чухам хаачих нь бас л тодорхой болсонгүй. "Өмнө нь бид хүний хөгжлийн санд төвлөрүүлж, халамж олгодог байсан бол одоо халамжийн тоог цөөлөн ажилтай, орлоготой болгох чиглэлд бодлого баримталж байна" гэж Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ярьсан юм. Ажилтай, орлоготой болгох ямар ажил хийгээд, түүний одоогийн үр дүн ямар байгааг тодорхой мэдээлсэнгүй. Гадны төлөөлөл ч энэ мэдээллийг сонсох үеэр өөр хоорондоо ярилцаж, нэмэлт асуулт бэлдэж байсан ч асуух боломж олдоогүй билээ.
"Бид яах вэ"
Гадныхан ийн асууж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдыг дэмжсэн ямар бодлого хэрэгжих вэ гэж асуусан хэрэг. Засгийн газрын мэдээллээс харвал шинэ төмөр замын төсөлд 49 хувийг олон улсад нээлттэй зарлах аж. "Шинэ төмөр замын төсөлд 49 хувийг олон улсад нээлттэй зарласан. Одоогоор 20 гаруй улсын санал ирсэн. Мөн Тавантолгойн дулааны станц, тавдугаар цахилгаан станц зэрэгт концессын гэрээгээр хамтарч ажиллана" гэж Н.Алтанхуяг ярьсан юм. Тухайлбал, тавдугаар цахилгаан станцын төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг 100 хувь оролцуулах бөгөөд концессын гэрээгээр энэхүү төслийг хэрэгжүүлэх аж. Алтанбулаг-Замын-Үүд-ийн чиглэлд барих томоохон хурдны замын төсөлд гадны компаниудыг оролцуулна гэдгээ хэллээ.
Хариултгүй асуулт
Оюутолгойн талаар гадны төлөөлөгчид сонирхсон ч тоймтой хариулт авсангүй. Ямар үр дүнд хүрсэн, Rio Tinto болоод Монголын засгийн газар ямар зөвшилцөлд хүрсэн гэдгийг Ерөнхий сайдын хариултаас олоход тун бэрх. "Бид ширээний ард сууж, ярилцаж байгаа нь өөрөө сайн хэрэг. Үүний үр дүн нь ч гарч байна. Хамтарч ярилцсаны дүнд эерэг дүр зураг ажиглагдаж байгаа" гэж Н.Алтанхуяг ярьсан юм. Уг нь өнгөрсөн долоо хоногт хувь нийлүүлэгчдийн хурал болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон билээ. Үүнээс өмнө бид хоёрдугаар сарын эхэнд хувь нийлүүлэгчдийн хурал Rio Tinto-гоос хариу ирээгүйн улмаас хойшилж байсан юм.
Энэ мэтчилэн ямар нэгэн тодорхой хариултыг өгөөгүй нэгэн хурал болж өнгөрлөө. Гадныхан чухам хүссэн хариултаа авсан гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан гадныхан асууж, Ерөнхий сайд "хариулаад" өнгөрлөө.
Б.БОЛОРСҮХ
0 comments:
Post a Comment