Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болж өнгөрсөн үйл явдлын мэдээ, мэдээллийн багцаас хүргэж бид тоймлон хүргэж байна. Нэн түрүүнд дэлхий нийтийн анхааралд удаан хугацааны турш яригдсан Ромын тэргүүн хамбыг сонгосон тухай мэдээлэл байсан билээ. Хорхе Марио Бергольо нь анх удаа Латин Америкаас нэрлэгдэж байгаа хамба болж байна. Түүнчлэн манай урд хөрш болох БНХАУ Засгийн газраа байгуулж, төр засгийн удирдлагуудаа албан ёсоор баталлаа. БНХАУ-ын намын дарга буюу ерөнхийлөгчөөр Си Жиньпинийг нэрлэсэн бол төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ли Кецянийг томилжээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
Ромын тэргүүн пап ламыг нэрлэсэн явдал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байсан юм. 16 дугаар Бенедиктийн ажлыг залгамжлах хүнээр Аргентиний иргэн Хорхе Марио Бергольог католик шашинтны тэргүүнээр сонгосон. Тэрээр Ромын 266 дахь пап болж байгаа бөгөөд түүний шашны өргөмжит нэр нь Францис пап болж байгаа юм байна. Шинэ папыг сонгохын тулд 80 нас хүрээгүй 115 кардиналын саналыг хурааж сонгожээ. Шинэ папыг тодруулсныг зарлан Сиктинийн дуганаас цагаан саарал утаа гаргаж шинэ пап тодорсон болохыг олон нийтэд зарласан.
Тэрбээр Ватиканы сүмийн тагтан дээрээс Гэгээн Петерийн талбайд цугласан сүсэгтэн олонтой мэндчилэхийн зэрэгцээ "Хот болон даян дэлхий" хэмээх уламжлалт үгийг хэлсэн байна. Францис ард түмэнтэй мэндчилсний дараа 16 дугаар Бенедикттэй хувийн уулзалт хийсэн юм. Пап Францис хэлэхдээ "Итгэл үнэмшил хүний хүчтэй байх нэгэн гол тулгуур болдог. Эдгээр зан чанар нь хүнийг байнга хүчирхэг байлгадаг" хэмээн олон нийтэд хандан хэлсэн. Түүний өөрийгөө илэрхийлэх болон, гаргаж буй хандлагаас нь хараад бусад папууд болон олон улсын ажиглагчид нэлээд шийдэмгий нэгэн хэмээн тодорхойлоод байгаа. Түүнийг өмнөх папуудтай харьцуулахад арай илүү нийгмийн идэвхтэй. Нэлээд шийдэмгий хамба байж чадна гэсэн найдлага төрүүлээд байгаа аж. Шинэ хамбын суудлаа хүлээн авсан учир тэрбээр удахгүй ажилдаа орж өмнөө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж эхэлнэ. Нэн түрүүнд Францис ламтны шийдвэрлэвэл зохих асуудлын нэг бол одоо үүсээд байгаа католик болон исламын шашны хоорондын таагүй харилцаа юм. Сүүлийн жилүүдэд европт ирж суурьших ислам шашинтнууд нэмэгдсэн нь шашны үзлийг илүүтэйгээр хурцдуулах шалтгаан болж байгаа билээ.
Хятадын Комунист намын удирдлагууд Бээжин хотноо хуралдаж дараагийн 10 жилд улс орноо удирдан чиглүүлэх ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хүнийг нэрлэсэн. БНХАУ-ын даргаар Си Жиньпинийг нэрлэж, өндөр дээд албан тушаалыг түүнд хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Хятадын Комунист намын 18 дугаар их хурлаар түүнийг намын даргаар томилсон юм.
Харин баасан гаригт ерөнхий сайдыг нэрлэсэн. Үүнд нийт 300 депутатын саналаар Ли Кецянийг ерөнхий сайдад томилсон билээ. Тэрбээр одоогийн ерөнхий сайд Вень Жибаогийн ажлыг залгамжилна.
Шинэ удирдагчид тодорч, үйл хэргээ эхлүүлж байгаа нь ирэх арван жилийн гараа гэж хэлж болно. Тэд нэн түрүүнд улсынхаа эдийн засгийн тогтворжуулах ажилд ханцуй шамлан оролцохоор төлөвлөсөн байгаа. Түүнчлэн шинэ удирдагчдийн төлөвөөс харахад гадаад харилцаа өмнөхөөсөө сайжирна гэсэн урьдчилсан таамаглалыг шүүмжлэгчид хэлж байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар ийнхүү төрийн тэргүүнүүдээ сонгож дууслаа.
Сири улсад дайн дэгдээд хоёр жил боллоо
Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн ард түмэн сөрөг хүчин болсноор Сири улсад анхлан дайн тулааныг эхлүүлсэн. Энэ хугацаанд олон улсын байгууллагууд НҮБ, Европын холбоо дайныг дуусгахыг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан ч дайн зогсолгүй үргэлжилсээр байгаа.
Харин хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дайныг зогсоох үүднээс энэ өдрүүдэд Европын холбооны улсууд зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд нэлээд чухал оролцоотой орноор ОХУ-ыг нэрлээд байгаа юм. Учир нь ОХУ Сирийн босогчидтой холбоотой, дэмжлэг үзүүлж байгаа. Зөвлөгөөнд оролцож байгаа улсуудын ихэнх нь Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих хандлагатай байгаа. Гэтэл саяхан ерөнхийлөгч Башар аль-Ассад мэдэгдэл хийж албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байдлаас харахад тус улсад болж байгаа дайн дуусах болоогүй хэмээн олон улсын ажиглагчид хэлж байгаа юм.
Хоёр жилийн хугацаанд Сирид албан ёсны тоогоор 70 мянган хүн, албан бус тоогоор 90 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Амь насаа алдагсад нь ихэвчлэн 20-40 насны идэр залуус байгаа юм.Түүнчлэн нэг сая гаруй иргэн бусад хөрш улсуудад дүрвэн гарчээ.
2011 оны гуравдугаар сарын 15-нд өмнөд нутгийн Дара хотоос эхэлсэн иргэний дайн өнөөдрийн байдлаар нийслэл Дамаск болон Хама, Хом зэрэг хотуудад голлон болж байгаа. Дайны хор уршгаар хотууд балгас болсон бөгөөд соёлын дурсгалт өвүүд ч устан алга болжээ.
Мьянмарын сөрөг хүчний удирдагчаар Аун Сан Су Ки хэвээр үлдлээ
Мьянмарын "Үндэсний Ардчилсан Лиг" буюу сөрөг хүчний удирдагчаар одоогийн удирдагч Аун Сан Су Ки дахин сонгогджээ. Тэрээр өөрийн хүсэл болон улс орныхоо эв нэгдлийн төлөө хүчин зүтгэх тухайгаа ажил үүргээ хүлээн авсан цагаас эхлэн тунхагласаар ирсэн. Түүний албан тушаалд ч ард иргэд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. 1990 оноос цэргийн дэглэмээр явж байгаа энэ улсын ардчилсан тогтоолцоотой болоход түүний оруулж байгаа хувь нэмэр их.
Аун Сан Су Киг өнгөрсөн онд болсон улс төрийн их эрс шинэчлэлээр сөрөг хүчний удирдагч болохыг ард түмэн санал нэгтэйгээр дэмжсэн. Ингэснээр тэрээр Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн болж 15 гишүүнтэй энэ томоохон сөрөг хүчнийг бий болгосон билээ. Одоо энэ улсын сөрөг хүчнийхэн 1.2 сая хүний гишүүнчлэлд хүрсэн, ард түмний хүчтэй дуу хоолой болж байгаа. Ардчиллыг тунхаглахын тул өнгөрсөн оноос АНУ-тай хамтарч хөгжлийн болон эдийн засгийн шинэчлэл хөтөлбөрүүд эхлүүлсэн юм.
БНАСАУ баасан гаригийн өдөр Америк болон Өмнөд Солонгос улсуудын хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа эргийн ойролцоох Япон тэнгист ойрын зайн пуужин харважээ. "KСNA" агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос улс ойрын зайн "KN-02" нэртэй хоёр ширхэг пуужин туршилтын журмаар Япон тэнгис рүү харвасан байна. Хойд Солонгос ийн богино зайн пуужин хөөргөсөн нь АНУ, БНСУ-дын хамтарсан цэргийн сургуулилтын эсрэг сүрдүүлж буй хариу үйлдэл аж.
Хойд Солонгос улсын зүгээс сүүлийн үед үндэсний төв мэдээллийн сайтуудад халдсан хакерын дайралтад Америк болон Өмнөд Солонгосыг буруутгаж байгаа юм. Харин үүний хариуд Өмнөд Солонгос хакерын халдлагад буруугүй хэмээн мэдэгдсэн бол АНУ ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсан тухай "Dailymail"-д мэдээлжээ.
Э.Мөнхнасан

0 comments:
Post a Comment