Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны тэмцээн, уралдааны албан ёсны хөтөлбөрт "Ulaanbaatar Grand Prix" тэмцээн нэмэгдлээ. IJF-ийн "Дэлхийн цом", "Гран-при", "Их дуулга" гээд хамрах цар хүрээ, зэрэглэлийн хувьд харилцан адилгүй, олон улсын чанартай тэмцээнүүд жилийн туршид цувралаар болдог. Монгол Улс дөрвөн жилийн өмнөөс тэдний эгнээнд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээнийг зохион байгуулах болсон билээ. Тэгвэл, энэ жил "Гран-при" ангилалд багтах чансаа өндөр тэмцээн Монголд болох гэж байна. IJF-ээс тэмцээнийг зэрэглэл ахиулах боломж олгосны дагуу Монголын жүдо бөхийн холбоо ирэх зун, тодруулбал, долдугаар сарын 13, 14-нд "Ulaanbaatar Grand Prix" тэмцээнийг Улаанбаатар хотноо хүлээн авах юм. Энэ эрхийн төлөө МЖБХ нь Тайвань, Тайланд, Хонконг, Макао зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлджээ. Улс орны хөгжлийн төвшин, дэд бүтэц, нөөц бололцооны хувьд дээрх орнуудтай харьцуулшгүй боловч манайд энэ эрхийг олгосон нь Монголын жүдочдын амжилтын үр шим, жүдогийн ертөнцөд Монгол Улс ямар үнэ цэнэтэй, ямархуу төвшинд явааг нотолсон хэрэг. Энэ жил л гэхэд IJF-ийн хөтөлбөрт "Гран-при" ангиллын 10 тэмцээн багтсаны нэг нь дээрх тэмцээн болж байна.IJF-ийн дүрмийн дагуу цуврал тэмцээнүүд, мөн тив, дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаар чансааны оноо цуглуулж байж олимпийн эрхээ авдаг. "Гран-при" тэмцээн нь "Дэлхийн цом"-оос зэрэглэл өндөр бөгөөд түрүү бөх чансааны 300 оноо, харин мөнгөн медалийн эзэн 180 оноо авах бол хүрэл медалийг 120 оноо дагалдах юм. Зохион байгуулагч орон гэдэг утгаараа Монголын баг жин тус бүрт, тодруулбал, эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангилалд тус тус дөрвөн тамирчнаа сойх эрхтэй. Мэдээж нутгийнхаа татамид, олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө зодоглож буй манай тамирчдын амжилт үзүүлэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ.
Үүнээс гадна Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон хүчин зүйл болно. Чансаа өндөр тэмцээн тул тив, дэлхийд данстай шилдэг тамирчид Монголд ирж, зодоглоно. Үүнээс гадна "Ulaanbaatar Grand Prix" тэмцээнийг ESPN, Star sports, Eurosport гээд спортын томоохон сувгууд, мөн ОХУ-ын "Россий-2", Японы спортын сувгаар шууд дамжуулан үзүүлэх аж. Тэмцээнийг зохион байгуулах ажилд IJF-ийн тусгай баг биечлэн оролцож, Монголд ирж ажиллах юм. Монголын талаас IJF-ийн бүхий л шаардлагыг хангах хариуцлага хүлээж буй. Энэ тэмцээнийг хүлээн авснаар залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ч нутагтаа зохион байгуулах их ажлын бэлтгэл болж буй юм.
С.ЦЭЛМЭГ
0 comments:
Post a Comment